Sunday, January 24, 2016

Төрийн байгууллага .... яагаад

Таны мацаж байгаа тэр өндөрлөгт лифтээр аль үжээ хэн нэгэн нь оччихсон, дээрээс чинь харан сууж байвал таньд ямар санагдах вэ? Та дараагийн удаад хамгийн түрүүнд лифтэнд суухыг хичээх байх. Тэр лифт бол улс төрийн нам юм.
Нам дагавал ам тосдоно, хотод ирвэл хувцас тоосдоно гэж. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит төрх.

****

Төрийн байгууллагад ажилладаг нэг найз минь саяхан надтай уулзахдаа ихэд урамгүйгээр “Найз нь ажлаа өгдөг ч юм билүү. Мөд удалгүй ажилгүй боллоо гэвэл битгий гайхаарай” гэлээ.
Уг нь найз маань тэр ажлаа ёстой өөрийн чадлаар, гуядаж олж авсан даа. Тэр ажилд орохын тулд багагүй зүйлс золиослосныг ч хэлэх хэрэгтэй байх.
Яагаад вэ?
“Шинэ дарга амар заяа үзүүлэхгүй, байнга өөлөх юм. Газар, хэлтсийн нэлээн хэдэн захирал  даргын шахалтаас болж аргагүйн эрхэнд өргөдлөө өгөөд гарцгаасан. Одоо миний ээлж ирж байх шиг байна.” гэлээ. 
 
Засаг/ерөнхий сайд/ солигдоод, түүнийг дагаад яамдын сайдууд солигдож. Сайд солигдсонтэй зэрэгцээд төсөв мөнгө захиран зарцуулдаг, эргэлдүүлэг төрийн өмчит байгууллагын дарга, захирал нар ч мөн солигдож. Нэг намын чихээс төрхөмдөө буцмагц өөр нэг намын чихээс хүрээд ирнэ.  Энгийн иргэдийн нүдэнд зөвхөн хэдэн сайдууд л сандал ширээ булаацалдаж харагдах боловч түүнийг дагаад түмэн зүйл бужигнах ажээ. Улс төрийн хүчний тохиролцоо зөвхөн хэдэн сайдаар зогсохгүй, түүний харъяа олон яам, ангентлагын түвшинд хүртэл үргэлжилдэг байна.
Улс төрийн явуулга, намын бууны нохой болж ирсэн шинэ дарга нар дунджаар 35-50 настай. Даргын суудал дамжсаар ирсэн хүмүүс. Энэ насанд олон ч хүнтэй ууж идэж, унтаж хэвтэж амждаг биз. Даргын албанд томилогдсныг дуулаад тэр ууж идэж, унтаж хэвтсэн түмэн олон хүмүүс эр эмгүй өрөөгөөр нь орж гаран,  даргын үүдэнд язганана. Томилогдсон даргын хариуцсан ажил алхам ч урагш явахгүй боловч ганц л зүйл асар хурдтай явагдана. Тэр бол халсан, томилсон тушаалууд. Зогсоо зайгүй ар араасаа хөвөрнө.
Нам дагаж, даргын суудалд суугсад даргын суудлыг яаж ашиглахаа сайн мэдэх ажээ. Тэдгээр “дарганцарууд” хүнийг шууд халахгүй, бага багаар шахна. Нүд үзүүрлэж, хийсэн ажил бүрийг нь яаж ийгээд шалтаг хэлэн буцаана. Өөдөөс нь цор цор хийвэл авчирсан бичгийг нь нүүр лүү нь шидэж дарамтлана. Даргаар нь дамжуулан донгодуулж, хүний өөрийн төрөл бүрийн ажил тохооно. Энэ бүхний эцэст хүсэл нь биелж, хөөрхий ажилтан тэсэлгүй өөрөө өргөдлөө өгөөд явна.
Дарамтлуулсан ажилтан өргөдлөө өгмөгц орны хүнийг нь дор нь олно. /Яг үнэндээ бүр аль хэдийнээ бэлдчихсэн байна/
Танилаар ажилтан аваагүй, сонгон шалгаруулалтаар ажилтан ажилд авсан гэж итгүүлэхийн тулд сонингийн нүүр дүүрэн ажлын байрны зар явуулна.  Хамгийн зэвүүн нь тэр зарлагдсан ажлын байранд нь аль хэдийн үүдэнд нь язганалдсан олон хүний аль нэг нь ажиллахаар сонгогдчихсон байдаг. Ийм замаар шинэ дарга байгууллагын гол гол гэж үзсэн хэрэгтэй албан тушаалуудад өөрийн хүнийг тавьчихна даа.
Хүний нөөц, санхүү, хууль, дотоод хяналт хариусан албан тушаалуудыг хамгийн түрүүнд ийм замаар гартаа оруулах аж. Ингээд энэ бүхний эцэст бүрэн эрхийг чигт нь гартаа атгаад, байгууллагадаа дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ дээ харин ч нэг.
Ирсэн шувууд буцдагийн адилаар дарга нарын ээлж халаатай.  Гэхдээ халаагаа өгөх дарга зүгээр нэг явахгүй.  Төрхөмдөө буцаж болзошгүй үнэр авмагц хөөрхий байгууллагаар ёстой нэг тоглож өгнө. Хувьдаа ашиглаж, нааж болох юу байна тэр бүхний ямар нэг аргаар өөртөө хамж авна. Чимээгүй яваад өгөх нэг нь байхад тамгаа авч зугтааж, бөөн юм болох нь энүүхэнд

Яг одоогоор ихэнх төрийн байгууллагын нийтлэг төрх ийм л байна. Дарга солигдох болгонд "одоо яадаг бол" гэсэн эмээлттэй. Нэг дарга ирээд л өмнөхөө үгүйсгэж, бүхнийг нурааж эхлэнэ.

Уг нь бол Төрийн албаны тухай хуульд зааснаар "төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой" байх учиртай. Өөрөөр хэлбэл зөвхөн улс төрийн алба хаагчид буюу "сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд нь үйлчлэх чиг үүрэг бүхий орон тооны ажилтнууд" сонгууль болон томилолтын үр дүнд солигдож болно.
Харин төрийн жинхэнэ албан хаагч буюу "төрийн захиргааны болоод төрийн тусгай албан хаагчид" сонгууль болон улс төрийн намын тохиролцооноос үл хамааран албан тушаал нь баталгаатай байж, ажлаа тайван хийх нөхцөл бололцоогоох хангагдсан байх ёстой юм.
Хэрэв төрийн тусгай /Үүнд: шүүгч, прокурор, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа г.м албан тушаал хашигчид хамаарна/ болон төрийн захиргааны албан тушаалтнууд /Үүнд: төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий албан хаагчид хамаарна/ нь улс төрийн намын тохиролцоогоор яг одоогийнх шигээ хүний нөөцөө бүрдүүлсээр байвал төрийн алба тун удахгүй даший шоог болох биз ээ.


 2015 оны 1 дүгээр сар